2023/09/19
117
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙГ ӨРТӨӨЛЖ, ЦАГИЙН САЛХИЙГ ЭРГҮҮЛНЭ

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад худалдааны үйл явцыг хэрхэн хялбар, найдвартай бөгөөд хүртээмжтэй байлгах вэ хэмээн төрөл бүрийн шинэлэг санаачилгуудыг туршсаар ирсэн билээ. Тиймдээ ч хүрэл зоосноос цахим карт хүртэлх төлбөр тооцооны хэрэгслүүд тухайн цаг үеийнхээ хамгийн дэвшилтэт технологийн дэвшлийг өөртөө агуулсан байдаг.

Одоогоос хэдхэн жилийн өмнө бид халаасанд буй гар утас маань хэтэвч, мөнгөн дэвсгэртийг орлох боломжтой хэмээн зүүдэлж ч байгаагүй. Харин өдгөө ухаалаг утастай хэн бүхэн QR-code ашиглан хормын дотор төлбөр тооцооны асуудлаа шийдэх болсон. Тэгвэл шинэхэн дугаартаа бид залуусын өдөр тутмын амьдралын салшгүй хэрэглээ болоод буй “QPay” буюу QR төлбөр тооцооны үйлчилгээг дотоодын зах зээлд анхлан нэвтрүүлсэн “Инновэйшн Инвестмент” болон “KKTT” компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнхийг урилаа.

Дижитал шилжилтийн чухал хурдасгуур болох төлбөрийн автоматжуулалтыг нэг шат ахиулсан “QPay” үйлчилгээг одоогийн байдлаар дотоодын 11 банк, 40 гаруй ББСБ, финтек зэрэг 280 гаруй мянган худалдаа, үйлчилгээний газар ашиглаж байгаа юм.

Монголдоо анхдагч текфин компанийг удирдаж буй түүнтэй ярилцах үед залуус бидний урд олон асуудал байгаа хэдий ч тэр хэмжээгээр шинэлэг санаачилгыг дэмжих хөрөнгө оруулагч, зах зээлийн орон зай байгаа юм байна гэх өөдрөг бодол толгой дотор эргэлдэж байсныг нуух юун.

Нэгдүгээр хороололд хүүхэд насаа өнгөрөөсөн Эрдэнэмөнхийн эцэг эх хүүхэд ахуй цагаас нь хойш хүсэж зорьж буй бүхнийг нь чадах чинээгээрээ дэмждэг байсан нь одоогийн түүнийг бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлсэн тухай яриагаар бидний ярилцлага эхлэв. Бага ангийн сурагч байх үедээ завсарлагаан бүрээр амттаны төлөө цайны газар, ТҮЦ-рүү гүйлдэж байгаа ангийн найзууддаа зориулан хүнсний захаас яг ижил амттаныг илүү хямд үнээр худалдан авч зарах санаа олж, улмаар бизнест авьяастай гэдгээ анзаарсан тэрээр дунд сургуулиа төгсмөгцөө Австрали улсыг зорьжээ.

Тухайн цагт Америк, Австрали, Англи гэхчлэн өндөр хөгжилтэй оронд суралцах нь залуус бүхний хүслэн байв. Эрдэнэмөнх хамгийн түрүүнд Америкийн визэнд орсон хэдий ч хар тамга даруулсан тул дараагийн сонголт болох Австралийг зорьсон хэрэг. Гэхдээ эргээд харахнээ энэхүү гэнэтийн шийдвэр нь харин ч нүдээ олсон, амьдралд нь олон шинэ боломжийг нээж өгсөн мэргэн сонголт байсан аж.

Хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулах нь нийгэмдээ оруулж буй хамгийн том хувь нэмэр юм хэмээх сэтгэхүйтэй аав, ээж хоёр нь өөрсдийн хуримтлалаасаа шинэхэн оюутан түүний сургалтын төлбөрийг төлжээ. Гэвч дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улсад суралцахын хажуугаар амьжиргааны зардлаа олно гэдэг амаргүй даваа. Тиймдээ ч бизнесийн удирдлагын чиглэлээр дөрвөн жил суралцах хугацаандаа тэрээр пизза хүргэгч, аяга таваг угаагчаас эхлээд профессорын туслах хүртэл олдсон бүх ажлыг голохгүй хийсээр сургуулиа төгсөх үедээ санхүүгийн хувьд аль хэдийнээ бие даасан нэгэн болов.

Монгол дахь анхны ажлын гараагаа Швейцарын хөгжлийн агентлагаас эхлүүлсэн Эрдэнэмөнх хэсэг хугацааны дараа өөрийгөө илүү сайн боловсруулах хэрэгтэйг ухаарч, бизнесийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр хосолсон мастерын зэргээ хамгаалахаар Австрали руу буцжээ.

Цагийн дундаж хөлс нь дэлхийд тэргүүлдэг Австралийн хувьд хамгийн өндөр цалинтай ажлуудын нэгд арматур зангидах, өрлөг хийх гэх мэт барилгын ажил бичигддэг. Харамсалтай нь, монголоос дөнгөж очсон залуус хэл усны бэрхшээлээс шалтгаалан өндөр цалинтай ажил олж чадахгүй байгаа асуудлыг анзаарсан Эрдэнэмөнх австрали захиалагч тал болон монгол гүйцэтгэгч нарыг холбосон хүний нөөцийн зуучлалын агентлагийг мастерт суралцахын хажуугаар нээлээ. Гурван жилийн хугацаанд хамгийн оргил үедээ нэгэн зэрэг 50, 60 гаруй монголчуудаа ажилд зуучилж байсан энэхүү амжилттай бизнесээ монголдоо буцаж ирснийхээ дараа хэсэг зайнаас ажиллуулсан ч хамтрагчидтайгаа амьд харилцаа үүсгэж чадахгүй байна гэх шалтгаанаар өөр нэгэн монгол залууд үлдээсэн түүхтэй.

“Их сургууль суралгүйгээр амжилтад хүрсэн олон тэрбумтны сэтгэл догдлуулсан түүхүүд интернэтээр явж байдаг ч бодит амьдрал дээр тэдгээр хүмүүс нийт залуусын 0.01 хувьд ч хүрэхгүй. Ялангуяа манай улс шиг хөгжиж буй орны залуус тасралтгүй суралцах хэрэгтэй гэж боддог. Түүнчлэн боловсрол эзэмших гэдэг нэг хэрэг, харин тэрхүү мэдлэгээ хаана, хэрхэн ашиглах вэ гэдэг мөн тусдаа хэрэг мэт.

Сургуулиа төгссөний дараа амьдралын чанар, цалин хөлс, баталгаат ирээдүйгээ бодож үзвээс мэдээжийн хэрэг Австралид үлдэх нь хавь илүү шийдвэр байсан. Гэвч эцэг эхийнхээ итгэл найдварыг өвөртлөөд чамгүй их хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж боловсрол эзэмшсэнээс хойш үүнийгээ ашиглаад залуу байгаа дээрээ эх орондоо ганц ч атугай хэрэгтэй зүйл бүтээе гэж шийдээд Монгол руугаа буцахаар сэтгэл шулуудсан даа” хэмээн тэрээр амьдралынх нь эргэлт болсон чухал шийдвэрийг онцолсон юм.

Эх орондоо ирээд найзуудтайгаа хамтран “Groupon” бизнесийн монгол хувилбарыг туршиж, зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байх явцдаа Г. Эрдэнэмөнх одоогийн “Инновэйшн Инвестмент” компанийн үүсгэн байгуулагчид болох Д.Даваа болон Б.Чулуунсүх нартай танилцав. QPay бизнесийн амжилт, өсөлтийн талаар ярихын тулд давын өмнө энэхүү үйлчилгээг бизнес модель руу хөрвүүлж, жинхэнэ утгаараа старт-ап босгосон дээрх хоёр үүсгэн байгуулагчийн түүхийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй.

МУИС-ыг мэдээллийн технологийн чиглэлээр дүүргэж, салбартаа чамгүй олон жилийн ажилласан тэд 2015 оноос эхлэн sharing economy буюу “AVZAR”, “TABI.MN” гэх агуулгын түрээсийн үйлчилгээ болон Японоос онлайнаар бараа захиалж өгдөг онлайн худалдааны үйлчилгээг эхлүүлсэн аж. Тухайн үед санаа нь шинэлэг, зах зээлийн орон зай хангалттай байсан хэдий ч хэрэглэгчид интернэтээр төлбөр хийх дадалтай болж хараахан амжаагүй байсан тул цаг үеэсээ түрүүлсэн дээрх бизнесүүд удалгүй уналтад оржээ.

Энэхүү бүтэлгүйтлийнхээ дараа мань хоёр барилга, тоног төхөөрөмжийн бизнес эрхлэх зорилгоор урд хөршөөс туршлага судлахаар аялж явах үедээ төлбөр тооцоог хаа саагүй ганцхан qrcode-оор шийдэж буйг хараад үнэхээр хялбар бөгөөд хүртээмжтэй шийдэл юм байна хэмээн олзуурхав. Дээр нь нэмээд сууж явсан таксиныхаа өвөрмонгол жолоочтой ойр зуурын яриа дэлгэж, Хятадад ирсэн хэрэг зоригоо сонирхуулах үед өнөөх эр “Хэрэв та нар Монголын QR төлбөр тооцооны тэргүүлэгчид болж чадвал ирээдүйд Хятадын тек магнат Жак Матай нэг ширээний ард уулзах боломж тохиох ч юм билүү” хэмээн дөнгөж олсон санааг нь урамшуулснаар тэд төлбөр тооцооны асуудлыг хөнгөвчлөх цоо шинэхэн төслийн ажил руу ханцуй шамлан орох нь тэр.

2017 оноос албан ёсоор эхэлсэн QPay үйлчилгээний анхны хамтрагч нь “Хаан Банк” байв. Тухайн үеийн Хаан банкны гүйцэтгэх захирал Жон Белл банкнуудаас хамгийн түрүүнд тэдэнд итгэл хүлээлгэж, залуус ч итгэлийг нь алдахгүйгээр ганцхан сарын дотор QPay-г Хаан банкны аппликейшинд нэвтрүүлж чаджээ.

Хэрэглэгч гүйлгээндээ итгэх, дансаа андуурахгүй байх, хялбар аргаар төлбөр шилжүүлэх гэх мэт үнэ цэнүүдийг бүтээсэн энэхүү технологийн дэвшлийг удалгүй уламжлалт банкнуудаас гадна дөнгөж зах зээл дээр байршиж эхэлсэн финтекүүд эрчимтэй ашиглан, компанийн үнэ цэн ч энэ хооронд тасралтгүй өссөөр.

Старт-ап томрохын хэрээр тулгардаг хамгийн том асуудал бол үүсгэн байгуулагчдын алсын хараа, үнэт зүйлийг ойлгохын сацуу үнэлгээний хувьд компаниа дараагийн түвшинд хүргэж чадах гүйцэтгэх захирал байдаг билээ. Олон ч амжилттай старт-ап гүйцэтгэх захирал болон үүсгэн байгуулагчдын үл ойлголцлоос шалтгаалан хөрөнгө мөнгөний асуудал орох аль эсэхүл анх тавьсан зорилгоосоо хазайх гэх мэт таагүй зүйлстэй нүүр тулдаг нь бодит үнэн. Харин Д.Даваа болон Б.Чулуунсүх нар ажил хэргийн зорилгоор Г.Эрдэнэмөнхтэй танилцахдаа түүнийг өөрсдийн бизнесийг нь зөв зарчмаар авч явж чадах, итгэл даахуйц мэргэжилтэн гэдгийг нь олж харан хамтран ажиллахыг хүсжээ. Манай ярилцлагын баатрын хувьд ч QPay сонирхлыг нь онцгой ихээр татаж байсан тул тухайн үед эрхэлж байсан бизнесээ хамтрагчдадаа үлдээж, тэдэнтэй нэгдэв.

QPay үйлчилгээг эрхлэн гаргагч “KKTT” компани анхны гаднын хөрөнгө оруулалт болох 1 тэрбум төгрөгийг Японы “Unimedia Media Solutions” компаниас босгожээ. Одоогоор “KKTT” болон “Инновэйшн Инвестмент” компани нь гадна, дотнын нийлсэн 14 хөрөнгө оруулагчтай бөгөөд компаниудын үнэлгээ хэдийнээ 40 тэрбумыг давж, Монгол улс даяар 2.3 сая хэрэглэгчтэй болсон байна.

Зочин маань өөрсдийн бизнесээ финтек (Fintech) гэхээсээ илүү текфин (TechFin) байгууллага хэмээн тодорхойлсныг мөн онцлууштай. Өөрөөр хэлбэл тэд санхүүгийн байгууллагуудад технологийн үйлчилгээг үзүүлж, өрсөлдөгч нь бус найдвартай технологийн түнш нь байхыг илүүд үздэг гэсэн үг юм. Харин 2019 оноос эхлэн зах зээлд нэвтрүүлсэн “QPay wallet” цахим хэтэвчийн тухайд хэрэглэгчдэд өөрийн харилцдаг бүх банк болон төрөл бүрийн урамшууллын картуудаа нэг аппликэйшнээр удирдах боломжийг өгснөөрөө давуу талтай.

Одоо Г.Эрдэнэмөнхийн төвлөрч буй гол ажил бол жижиг дунд бизнес эрхлэгч нарын дунд олон жилийн турш яригдсаар буй “Хятадын зах зээлд хэрхэн гарах вэ” гэх асуудлыг технологийн тусламжтай шийдэх, WeChat-ын “Mini Program Pay” функцыг ашиглалтад оруулах төсөл юм. Хэрэвзээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл Монголын бүхий л худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгч 1.2 тэрбум хэрэглэгчтэй WeChat дээр өөрсдийн онлайн дэлгүүрээ нээж маркетингаа хийх, борлуулалтаа нэмэх, төлбөр тооцоогоо WeChatPay ашиглан монголын банкны дансанд төвлөрүүлэх боломжтой.

Энэ том ажлын эхлэл болгож тэд энэ жил “Тээвэр Хөгжлийн Банк”-ны данс дээр WeChat-ын гүйлгээг татан төвлөрүүлэх эрх авсан бөгөөд нийт таван төрлийн гүйлгээний модулийг зах зээлд нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

“Монголд старт-ап эхлүүлэхийн сул тал нь зах зээлийн багтаамж. Бид хамгийн ихдээ гуравхан сая хүнд л бүтээгдэхүүнээ хүргэх бололцоотой. Тийм ч болохоор залуус маань өөрсдийн хийж буй ажлаа ирээдүйд гаднын зах зээлд танилцуулна гэх алсын төлөвлөгөөтэйгөөр ажиллах мэт. Мөн шинэ бизнес эхлүүлэхэд анхны хөрөнгө оруулалт тун чухал. Эхлэлийн цэг дээр байгаа танай бизнесийн тогтвортой байдлыг хангах, урмаар тэтгэх, хяналт тавих гээд сайн хөрөнгө оруулагч зөвхөн мөнгөн хөрөнгөөс гадна олон талаар та нарыг дэмжинэ. Харамсалтай нь, хөрөнгө оруулалтыг нэг төрлийн зээл, мөнгө хүүлэх боломж хэмээн харсан хүмүүстэй хамтарсны уршгаар залуус алдах нь олонтоо. Манай компанийн жишээн дээр гэхэд анхны хөрөнгө оруулагч “Unimedia Media Solutions” компани бидэнтэй долоо хоног бүр холбогдож, байнгын харилцаа холбоотой байсан нь эргээд бидний хувьд түргэн хугацаанд үр дүн үзүүлэх ташуур болж өгсөн.” гэсэн нь бүх л салбарынханд хамаатай үг мэт.

Түүнтэй ярилцах үед олзуурхсан өөр нэгэн зүйл бол нөхцөл байдлыг хэт өөдрөг эсвэл хэт гутранги нүдээр харалгүйгээр, аль ч үед бодит байдлыг зөвөөр үнэлж, асуудал дундаас боломж хайдаг хандлагатай нь холбоотой. Асуудлыг шүүмжлэх амархан хэдий ч түүнийг засахын төлөө хөдөлмөрлөх, дийлэнх зүйлс нь тодорхой бус энэ нийгэмд бусдын итгэлийг ямар ч нөхцөлд даахуйц хариуцлагатай нэгэн байна гэдэг амаргүй. Харин тэр асар богино хугацаанд хий дэмий уран үгсээр бус хийсэн бодит ажлаараа өөрийгөө хэн бэ? гэдгээ таниулж чадсан мэт.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд монголын санхүүгийн салбарт системийн найдвартай байдал хийгээд инновацлаг санаачилгуудаараа цойлон гарч ирсэн “Инновэйшн Инвестмент” компанийн ойрын зорилго бол монгол хүн бусад оронд аялах, албан ажлаар зорчих үедээ дотоодын апп ашиглан төлбөрөө төлөх боломжийг бий болгох. Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд Ази, Европын орнуудын томоохон төлбөрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллаагаагаа эхлүүлсэн төдийгүй гадаад зах зээлд IPO хийсэн Монголын анхны текфин компани болох зорилго тавьсан тухайгаа ч бидэнд дуулгаад амжсан юм.

“Том зорилго өмнөө тавиад юу ч тохиолдсон түүндээ хүрэхийн тулд урагшлаад л байх хэрэгтэй” хэмээх түүний ирээдүйдээ итгэл дүүрэн хандах үгээр ээлжит нийтлэлээ энд хүргээд жаргаая.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
2024/04/02
Инновэйшн Инвестмент ХХК-ийн ТУЗ-ийн ердийн гишүүдийг сонгон шалгаруулах зар
БУСАД НИЙТЛЭЛҮҮД