Эрхэм хүндэт хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!
Энэхүү захидлаараа 2024 оны гүйцэтгэлээ үнэлж, цаашдын өсөлт, амжилтыг тодорхойлж буй дунд хугацааны төлөвлөгөө, зорилтуудаа та бүхэндээ хуваалцахын хамт бидэнд итгэл үзүүлж, үнэт хувь нэмрээ оруулж буйд талархлаа илэрхийлж байна.
Бид технологид суурилсан шинэлэг шийдлүүдэд хөрөнгө оруулах бодлогыг хэрэгжүүлж, шинэ үеийн нийгэм, хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал дэд бүтцээр дамжуулан хүний амьдралыг таатай болгох, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх эрхэм зорилготой билээ.
Инновэйшн Инвестмент ХК нь хоёр охин компанийн хамт технологи, дижитал бизнесийн чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 2017 онд QR цахим төлбөрийн шинэ шийдлийг танилцуулан, ухаалаг банкны финтекийн аппликэйшн хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид, төрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага дунд банк харгалзахгүй аюулгүй, хялбараар гүйлгээ хийх боломжийг зах зээлд нэвтрүүлж чадсан. Үүний зэрэгцээ дундын дэд бүтцийн систем, серверийн өргөжилт, сайжруулалт болон олон улсын төлбөр тооцооны гарц шийдлүүдийг нэвтрүүлэн, хамгийн өргөн сүлжээг цогцлоохоор тогтвортой хөгжиж байна. 2024 онд бид Өмнөд Солонгос болон Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд хөл тавьж, олон улсын дижитал төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах замаар үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
2024 онд QPay үйлчилгээгээр дамжуулан нийт 176.6 сая ширхэг, 10.6 их наяд төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээг амжилттай дамжуулж, бэлэн бус төлбөрийн зах зээлийн 8.6%-д хүрч төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ.
Бид IPO хийснээс хойш 1 жилийн ойн дээрээ буюу 2024 оны 12 сард Монголын хөрөнгийн биржийн ангилал ахих шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж МХБ-ийн II ангилалд хувьцаагаа арилжаалж эхлээд зогсохгүй 2025 оны 3-р сард ТОП20 индексэд нэмэгдэж орсон таатай үйл явдал болсон билээ.
2024 онд нийт 7.4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хоёр удаа хувааж хуваарилахаар зарласан ба цаашид хагас жил тутам ногдол ашиг хуваарилах бодлогыг тууштай баримтлах, мөн Монголын хөрөнгийн биржийн I ангилалд орох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд очиж буй үнэ цэнэ, нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна.
2024 онд компанийн борлуулалтын орлого өмнөх оноос 98%-иар, цэвэр ашиг 76.0%-иар өссөн үзүүлэлттэй байсан нь бидний хамтын хүч, зоримог шийдвэрийн үр дүн гэж үзэж байна. Харин 2025 онд цэвэр ашгийн хэмжээг өмнөх оноос 20%-иар өсгөхөөр зорилт тавьж байгааг та бүхэндээ дуулгаж байна.
Эдгээр зорилго, зорилтын хүрээнд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөг товч танилцуулбал:
Түүнчлэн бидний зүгээс хувьцаа эзэмшигчдэд мэдээллийн ил тод байдлыг хангах нээлттэй хувьцаат компанийн үүрэг болон хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа олон улсын түвшинд хүргэхээр зорьж байна. Энэхүү ажлын эхлэл болгож, IR календарыг олон нийтэд нээлттэй зарласан. Мөн бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн технологийн салбарт уламжлалт эдийн засагт инновац авчрах нөлөө бүхий, нийгэмд хүртээмжтэй шийдлийг бүтээх дараагийн хөрөнгө оруулалтаа хийж эхэлж байна.
Дижитал бизнес, технологийн зах зээлд амжилттай ажиллах үндэс нь эдийн засагт оруулж буй хувь нэмэр, нийгмийн ачааллыг технологийн аргаар хэрхэн хөнгөвчилж буй үнэ цэнээр тодорхойлогддог гэдэгт бид итгэдэг.
Инновэйшн Инвестмент ХК-д итгэл найдвар тавьж, тууштай дэмжлэг үзүүлдэг эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье!