2025/02/11
726
MSE:QPay 2024 онд ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж, сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаандаа ₮20 буюу нийт ₮3.7 тэрбумын ногдол ашиг тараана

Монгол Улс, Улаанбаатар хот - [MSE:QPay] Инновэйшн Инвестмент ХК нь 2023 онд 5.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2024 оны жилийн эцсийн аудитлагдаагүй үр дүнгээр ₮10 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бөгөөд 2024 онд цэвэр ашгийн хэмжээ нь өмнөх оноос 76%-иар өссөн байна. 

Компани нь 2023 оны цэвэр ашгаас 4 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж байсан бол 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 05/14 тоот тогтоолоор 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар зарлаж, нэгж хувьцаанд ₮20 /хорин төгрөг/ буюу нийт 3,697,783,200 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгосон.

Тэгвэл компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн 2025 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 05/30 тоот тогтоолоор компанийн 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮20 (хорин төгрөг) буюу нийт ₮3,697,783,200 (гурван тэрбум зургаан зуун ерөн долоон сая долоон зуун наян гурван мянга хоёр зуу)-г хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ. 

Ногдол ашгийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгох юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөө тогтооно. 

Үүний үр дүнд, Инновэйшн Инвестмент ХК нь 2024 онд тайлант жилийн цэвэр ашгийн 73.8% буюу нийт 7,395,566,400 төгрөгийг хуваарилахаар болоод байна. Ингэснээр нэгж хувьцаанд нийт 40 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байгаа юм.

ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ ХК-ИЙН ТУХАЙ

“Инновэйшн Инвестмент” компани нь анх 2017 онд технологийн шинэлэг шийдлүүдэд хөрөнгө оруулах зорилгоор байгуулагдсан бөгөөд “ККТТ” ХХК болон “Дижитал Мерчант Сервисэс” ХХК гэх хоёр охин компанитай үйл ажиллагаа явуулж байна. Инновэйшн Инвестмент ХК нь 2023 оны 12 дугаар сард МХБ дээр IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон ба  группийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, одоогийн бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжил, тэлэлтийг удирдан ажиллаж байна. ККТТ ХХК нь QPay үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажилладаг бол Дижитал Мерчант Сервисэс ХХК нь мерчантуудад чиглэсэн үйлчилгээнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг.

 

Компанийн тухай нэмэлт мэдээллийг:

Facebook: facebook.com/Qpay.InnovationInvestment.Official

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
 
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа илгээгээрэй.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
БУСАД НИЙТЛЭЛҮҮД